Налайх хотын түүх

p199q9d7471bs41oim119d1prv9n32

Улсын Их Хурлаар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагыг баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах, хотын дүрэм батлуулах ажил 2014 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны  “Налайх хотын үндсэн дүрмийг батлах ажлыг зохион байгуулах тухай “ А/974 дугаар захирамжаар байгуулагдсан Налайх хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хороо байгуулагдан иргэдийн оролцоотой хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрмийг батлуулах зэрэг ажлыг эхлүүлэн, төлөвлөгөөний дагуу дүүргийн хэмжээнд зохион байгуулсан билээ.

 “Хотын багц дүрэм боловсруулах” төслийн хүрээнд хотын загвар дүрмийг боловсруулж, Налайх дүүргийн иргэдэд танилцуулсан бөгөөд иргэдийн дунд үе шаттайгаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нь сонсох ажлыг зохион байгуулсан.  Иргэдээс гаргасан санал санаачилгыг хотын Үндсэн дүрмийн төсөлд тусгах, нэгтгэх ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн хороо бүрийн иргэний төлөөлөл оролцсон Редакцын зөвлөл ажиллаж, иргэдийн саналыг хотын дүрмийн төсөлд тусгах эсэхийг хэлэлцэн, Налайх хотын Үндсэн дүрмийн эцсийн найруулгыг боловсруулан өрх бүрт хүргэн дахин танилцуулсан.

 “Налайх хот”-ыг үүсгэн байгуулж, хотын дүрмийг батлах иргэдийн санал асуулга 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 07-21 цагийн хооронд 7 хэсгийн хорооны санал авах байранд зохион байгуулагдсан.

Санал асуулгын нэгдсэн дүнгээр санал өгөх иргэдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 19535 иргэнээс санал асуулгад 12180 иргэн буюу 62,35 хувь нь саналаа өгч, 11708 иргэн буюу 96,9 хувь нь дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжин, хотынхоо Үндсэн дүрмийг баталсан юм.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгын дүнг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Налайх хот байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан.

Налайх хотын Захирагчийн сонгуульд нийт 8 нэр дэвшигч өрсөлдсөнөөс дахин санал хураалтаар нэр дэвшигч Шаравхааны Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50,87 хувийн саналыг авч, Налайх хотын Захирагчаар сонгогдсон юм.

Нийслэлийн Засаг даргын “Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” А/593 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчаар сонгогдсон Ш.Хааны бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын ажиллагаа 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан ба Налайх хотын иргэдийн итгэлийг хүлээж, олонхийн санал аван сонгогдсон Ш.Хаан тангараг өргөн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Захирагчийн мөнгөн гэрэгэ, Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар Налайх хотын бэлэгдэл түлхүүрийг гардуулан өгсөн.

Налайх дүүрэгт хот байгуулагдснаар өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох урьдчилсан тооцоог гаргаад байна.

Налайх хотын Захирагч Ш.Хаан нь Захирагчийн Ажлын албыг байгуулан, Налайх хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны даргаар М.Ганбаатар, Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар Л.Болормаа, Хот байгуулалтын хэлтсийн даргаар А.Туяабаатар, Нийтийн үйлчилгээний хэлтсийн даргаар А.Пүрэвжамц нар томилогдлоо. Захирагчийн Ажлын албан нь 19 ажилтан, албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлээд байна.