web_feature

Налайх хотын Захирагчийн шагналын төрөл, түүнийг олгох журам

Налайх хотын Захирагчийн 2016 оны

 06 дугаар сарын 08-ны өдрийн

А/24 дугаар захирамжийн хавсралт

 

 

НАЛАЙХ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ШАГНАЛЫН

 ТӨРӨЛ, ТҮҮНИЙГ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

Налайх хотын хөгжил цэцэглэлт, иргэдийн сайн сайхны төлөөх үйлсэд эрхэлсэн ажил, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн албан хаагчид, дотоод, гадаадын иргэд, байгууллагыг шагнахад энэ журмын зорилго оршино.

 

Хоёр. Шагналын төрөл

 

2.1. Налайх хотын хүндэт иргэн

2.2. Налайх хотын “Хүндэт тэмдэг”

2.3. Налайх хотын Захирагчийн “Жуух бичиг”

2.4. Налайх хотын Захирагчийн “Баярын бичиг”

 

Гурав. Шагналд нэр дэвшигчдэд тавигдах болзол, шаардлага

3.1. “Налайх хотын хүндэт иргэн”-д өргөмжлөх шагнал нь Налайх хотын дээд шагнал байна.

3.2. Энэхүү шагналаар Налайх хотын бүтээн байгуулалтад шинжлэх ухаан техникийн ололт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, төр захиргааны ажлыг боловсронгуй болгон төгөлдөржүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өсвөр үеийг хүмүүжүүлэх, бүх төрлийн үйлдвэр үйлчилгээний хүрээг өргөтгөж, үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, нийгмийн дэг журмыг сахиулах зэрэг хотын өмнө тулгамдсан зорилтыг амжилттай шийдвэрлэхэд онцгой хувь нэмэр оруулж, үр бүтээл гаргасан Монгол Улcын болон гадаадын иргэнийг шагнана.

3.3. “Налайх хотын хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн хүнд үнэмлэх, гэрчилгээ, энгэрийн тэмдэг олгож, мөнгөн шагналаар шагнана.

3.4. “Налайх хотын хүндэт иргэн”-д өргөмжлөх шагналыг жилд 1 удаа буюу Налайх хот байгуулагдсан өдрөөр олгоно.

3.5. Налайх хотыг хөгжүүлэх үйлсэд эрхэлж буй ажил хөдөлмөрийнхөө амжилтаар онцгой хувь нэмэр оруулсан, нутгийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагад 8-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан ажилтан, албан хаагчдыг “Хүндэт тэмдэг”-ээр, 5-аас доошгүй жил ажиллаж хөдөлмөрийн амжилт үзүүлсэн хүмүүсийг “Жуух бичиг”, 3-аас доошгүй жил ажиллаж хөдөлмөрийн амжилт гаргасан хүмүүсийг “Баярын бичиг”-ээр шагнана.

Дөрөв. Шагналыг дагалдах мөнгөн урамшуулал

4.1. Шагналууд дараах мөнгөн урамшуулалттай байна.

а/ Налайх хотын хүндэт иргэн 100 000 төгрөг

б/ Налайх хотын “Хүндэт тэмдэг” 50 000 төгрөг

в/ Налайх хотын Захирагчийн “Жуух бичиг” 30 000 төгрөг

г/  Налайх хотын Захирагчийн “Баярын бичиг” 20 000 төгрөг

4.2. Шагналын дагалдах мөнгөний хэмжээ инфляцын төвшин, төсвийн хөрөнгө зэргээс шалтгаалан өөрчлөгдөж болно.

Тав. Шагналд нэр дэвшүүлэх

5.1. Шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг тухайн хүний ажиллаж, суралцдаг байгууллага, хамт олон гаргаж, дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна.

а/ Тухайн байгууллагын хүсэлт

б/ Хамт олны хурлын тэмдэглэл

в/ Нэр дэвшигчийн ажил байдал, амжилтын үзүүлэлтийн тухай тодорхойлолт

г/ Нэр дэвшигчийн анкет, мэдүүлэг /2  дугаар хавсралтаар/

д/ Нутгийн захиргааны болон харьяалах байгууллагын санал

5.2. Дээрх материалуудыг шагнал гардуулахаас 15-аас доошгүй хоногийн өмнө Налайх хотын Захирагчийн Ажлын албанд ирүүлж, шийдвэрлүүлнэ.

5.3. ”Налайх хотын хүндэт иргэн”-д өргөмжлөх асуудлыг Налайх хотын Захирагч шийдвэрлэнэ.

Зургаа. Шагнуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх

6.1. Шагнуулах хүсэлтийг Налайх хотын Захирагчийн Ажлын албаны бичиг хэргийн эрхлэгч хүлээн авч, Налайх хотын Захирагч, Захирагчийн Ажлын албаны даргад танилцуулан, Захиргаа, санхүүгийн хэлтсийн шагналын асуудал хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

6.2. Шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн шагнуулах тухай тодорхойлолт, дагалдах материалыг нарийвчлан судалж, захирамжийн төсөл боловсруулан холбогдох албан тушаалтнуудын саналыг авч, Захирагчид танилцуулан шийдвэр гаргуулна. Шагнагдагсдын талаар дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.

6.3. Шагналыг Налайх хотын Захирагч болон түүний зөвшөөрснөөр Захирагчийн Ажлын албаны дарга, хэлтсийн дарга нар ёслол, хүндэтгэлтэйгээр гардуулна.

6.4. Шагнагдсан хүмүүсийн тухай хотын болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилна.

 

Image (59)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *